МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ ... - must.edu.mn · шинжилгээний арга...

25
Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургууль СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЕРӨНХИЙ ЧИГЛЭЛ Илтгэгч: Академич, доктор (D.Sc), профессор Д.Содномдорж Улаанбаатар 2017

Upload: lamkhue

Post on 07-May-2019

240 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Монгол улсын шинжлэх ухаан

технологийн их сургууль

СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ

АЖЛЫН ЕРӨНХИЙ ЧИГЛЭЛ

Илтгэгч: Академич, доктор (D.Sc), профессор Д.Содномдорж

Улаанбаатар 2017

1. Шинжлэх ухааны танин мэдэх арга зүй

Яагаад хүмүүс ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр болон хөрөнгө

мөнгө зарж байж судалгааны ажил гүйцэтгэдэг вэ? гэдэг асуулт

тавигддаг. Энэ нь мэдээж олон талын ач холбогдол, давуу талыг авчирдаг.

Хамгийн гол нь судлаач хүн шинжлэх ухааны таашаал хүртэж өөрийн

мэргэжлийн салбарын тодорхой асуудлыг онол-практикийн тодорхой

түвшинд шийдвэрлэж чадсанаар улс, нийгэмд үр дүн өгөөд зогсохгүй

цаашид өөрийн судалгааг үргэлжлүүлэн гүйцэтгэж шинжлэх ухааны

танин мэдэхүйн онолын болон парктик бодитой үр дүн гаргахад л гол нь

оршдог.

Шинжлэх ухааны танин мэдэх арга зүй нь шинжлэх ухаан-танин

мэдэх үйл ажиллагааны арга, хэлбэрийн тухай сургаал юм. Энэ арга зүй

судалгааны объектын тодорхойломж, түүний тулгамдсан байдал ба

асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэглэгддэг судалгааны арга хэрэгслийг

бий болгодог. Шинжлэх ухаан нь бодит байдлын талаарх үнэн зөв

мэдлэгийг онолын эмх цэгцтэй болгох, боловсруулалт хийх хүний үйл

ажиллагааны хүрээ юм. Өргөн утгаараа шинжлэх ухаан нь бодит

байдлын онолын тусгал болдог.

Эрдэм судлалын ажилд эхлэн суралцагчид судалгааны ажлыг

зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны

танин мэдэхүйн аргуудыг ашиглах арга зүйн талаар тодорхой

мэдлэгтэй байх хэрэгтэй. Санаа сэдлээс эхлээд тодорхой асуудлыг

шийдвэрлэх хүртэлх судалгааны процесс зарчмын хувьд тодорхой

дэс дараалалтай явагддаг. Инженерийн шинжлэх ухааны судалгаа

шинжилгээний арга зүй нь системт хандлагын үүднээс

математикийн өргөн аппарат, дүн шинжилгээ ба нэгтгэн дүгнэх

аргууд хийгээд логик дүгнэлтүүдийг хэрэглэхэд чиглэгддэг.

Бүхий л төрлийн судалгааг эгэл (энгийн), хялбар ба нийлмэл гэж

гурван хэсэгт хуваадаг. Эгэл судалгаа хүний ахуй амьдралтай

холбоотой бол хялбар судалгаа тоон тооцоотой холбоотой байдаг.

Жишээ нь томоохон үйлчилгээний газарт үйлчлүүлэгчдийг насны

ангилал, хүйс, цагаар гаргаж судлах гэх мэт. Тэгвэл нийлмэл

судалгаа нь орчин үеийн математик аппарат, туршилт

төлөвлөлтийн онолыг хэрэглэх дээр тулгуурладаг. Ийм судалгааг

шинжлэх ухааны судалгаа гэж нэрлэдэг.

Техникийн шинжлэх ухаан математикийн шинжлэх ухаантай

нягт уялдаа холбоотой хөгждөг. Энд нэг талаас техникийн аливаа

бодлогыг бодоход математик нь үндсэн хэрэгсэл болж өгөх ба

нөгөө талаас инженерийн практик шаардлага нь математикийг

хөгжүүлэх эх үндэс болдог. Математикийн шинжлэх ухаан өнөө

үед онолын буюу цэвэр математик, хэрэглээний буюу хавсарга

математик гэсэн хоёр үндсэн чиглэлээр хөгжиж байна. Техникийн

шинжлэх ухаан өндөр хурдацтай хөгжиж, түүний олон шинэ

салбар үүсэж буй өнөө үед хавсарга математикийн чиглэл

харьцангуй өндөр түвшинд хөгжиж байна. Ялангуяа инженерийн

тооцоонд компьютер өргөн хэрэглэгдэх болсон тэр үеэс

математикийн шинэ аргууд олноор боловсруулагдаж, тооцоолох

математик улам эрчтэй хөгжиж байна.

Инженерийн математик аппарат гэдэг нь инженерийн үйл

ажиллагаанд шаардагдах математикийн бүхий ойлголтыг хамруулж

болно. Тодорхой математик онолыг ойлгож, түүнийг хэрэглэж

чаддаг болохын тулд эхлээд математикийн хэлийг эзэмших

шаардлагатай.

Хавсарга математикийн салбарт хамгийн чухал, хамгийн хүнд

асуудал бол математик загварыг байгуулах явдал юм. Энэ асуудал

нэг талаас инженерийн мэргэжлийн гүнзгий мэдлэг, нөгөө талаас

түүний математик сэтгэлгээний түвшин хоёрын цогцолбор арга

хэмжээний үр дүнд шийдэгддэг. Загварчлал бол бодит ертөнцийг

танин мэдэх арга юм. Загварчлалыг дотор нь физик загварчлал,

математик загварчлал гэж хоёр ангилдаг. Энэ хоёр арга өөр өөрийн

онцлог сайн, муу талуудтай байхын зэрэгцээ хэрэглэгдэх хүрээтэй

байна. Математик загварчлал нь математик арга, хандлага, техник

хэрэгслүүдийн тусламжтайгаар тухайн объект болон процессыг

танин мэдэх арга юм. Математик загварчлалын үндсэн техник

хэрэгсэл нь компьютер байдаг. Хэдийгээр математик загварчлалын

аналоги загварчлал, алгоритмт загварчлал гэсэн хоёр чиглэл байдаг

ч өнөө үед алгоритмт загварчлал илүү үр дүнтэй хөгжиж байна.

2. Шинжлэх ухааны судалгааны үе шат

Шинжлэх ухааны судалгааны үе шатыг дараах байдлаар авч

үзэж болно (Зураг 1).

ОбъектАсуудал

дэвшүүлэх

Загвар

байгуулахШийдэл

Шийдлийн

харьцуулалтТуршилт

1 2 3 4

56үгүй

тийм

2. Асуудал: Энэ нь сэдвийн сонголт юм.

3. Загвар: Загварыг байгуулах. Шинжлэх ухааны судалгаа нь

объекттэй биш, харин түүний загвар дээр явагддаг ба зөвхөн

судалгааны үр дүнг л тухайн объект дээр шалгадаг. Энэ утгаараа

загвар нь сонгож авсан судалгааны объектыг “солих” арга юм.

Тухайн объектыг ямар аргаар солих процесс явагдаж байна вэ?

гэдгээс хамаарч математик загвар ба физик загвар гардаг. Энд

хамгийн гол нь байгуулсан загвар объект дээр тавигдсан

асуудалтай нийцэж байх ёстой. Өнөө үед боловсрогдсон маш олон

загвар байдаг ба тэдгээрийг хэл ярианы (вербаль), график,

математик ба физик гэж дөрөв хувааж болно.

4. Шийдэл: Энэ нь гарган авсан математик загвар (тэгшитгэлийг)-

ыг бодох процесс юм. Энэ үе шатны гол ерөнхий зарчим бол хэрэв

бодлогын шийд оршин байгаа л бол түүний шийдэл ямагт

боломжтой гэдэгт оршино. Ямар аргаар хэрхэн бодох нь инженер

хүний мэдлэг чадвар, авхаалж самбаа, зөн совингийн асуудал

болно.

5. Туршилтаар шалгах. Ямар ч шинжлэх ухааны судалгаа нь үр

дүнгүүдийг туршилтаар шалгахгүйгээр дуусгах боломжгүй юм.

Үүний гол шалтгаан нь:

• бидний сонгосон загвар объекттэй бүрэн дүүрэн нийцдэггүй;

• асуудлын шийдлийн үед хийгдсэн хялбарчлал зөвшөөрөгдөх

хэмжээнд байгаа эсэх нотолгоо байхгүй;

• шийдлийн үе шатыг гүйцэтгэхэд алдаа гарч болно.

Онолын судалгааны үр дүнг туршилтаар шалгах зайлшгүй

шаардлага нь “үнэний шалгуур практик болно” гэсэн үндсэн

зарчмаас урган гардаг.

3. Судалгааны ажил гүйцэтгэгчийн

бэлтгэлийн түвшин

Аливаа судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэхийн тулд судлаач хүний бэлтгэл

хангагдсан байх шаардлагатай. Юуны өмнө судлаачийн онолын мэдлэг өндөр

байх. Үүнд:

1. Эзэмшсэн мэргэжлийн түвшин өндөр байх. Инженерийн мэргэжлийн

онолын түвшинг сайтар эзэмшсэн байх. Тухайн мэргэжлийн онолын үндсэн

хуулиуд, байгалийн ерөнхий хуулиуд, ерөнхий эрдмийн мэдлэг эзэмшсэн

байна.

2. Математикийн өндөр мэдлэгтэй байх. Инженерийн шинжлэх ухаанд

шаардлагатай онолын болон хавсарга математикийн чиглэлүүдийг сайтар

эзэмшиж тэдгээрийг судалгааны ажлын үе шатуудад чадварлаг хэрэглэх

дадлагатай байх. Хамгийн чухал зүйл бол судалгааны үндсэн зэмсэг болох

математик аппаратыг эзэмших явдал юм. Математик аппаратыг эзэмших

явцад анхаарвал зохих хэд хэдэн зүйл байдаг. Энд эхлээд математикийн нэр

томъёо, хэлийг эзэмших асуудал юм. Математикийн хэлэнд түүний бүхий л

тэмдэглэгээ, үйлдэл, дүрслэл, энгийн хувиргалтууд болон тэдгээрийн

хоорондын уялдаа холбоог илэрхийлэх асуудал ордог. Дараа нь мэргэжлийн

тодорхойлолт, зарчим, зүй тогтол, хуулиудыг математикийн хэлбэрт

илэрхийлэх асуудал чухал юм.

Ер нь аливаа байгаль, техник технологийн хуулийг танин мэдэхдээ

гурван үндсэн зүйлийг чухалчлан анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт

тухайн хуулийг үгээр тодорхойлох (хуулийн томъёолол).

Хоёрдугаарт түүнийг математик хэлбэрт илэрхийлэх.

Гуравдугаарт энэ хуулийн физик, бодит мөн чанарыг

тайлбарлах. Аливаа судалгааны ажилд оршиж буй нийтлэг

дутагдал бол хоёрдугаарыг дутуу дулимаг эзэмшиж, гурав дахийг

ор тас орхигдуулснаас тухайн судалгааны асуудлын мөн чанарыг

бүрэн гүйцэд танин мэдэж чадахгүйд оршино. Мөн математик

хэлбэрт бичигдсэн дурын илэрхийллийг үгээр томъёолох

(тайлбарлах) нь чухал байдаг.

Математик загварыг байгуулсны дараа түүнийг судлах үе шатанд

шилждэг. Өөрөөр хэлбэл өгөгдсөн объект буюу технологийн

процессын шинж чанар, түүний үйл ажиллагааг байгуулсан

математик загварын тусламжтайгаар шинжилдэг. Үүний тулд

судалгааны математик аргыг сонгоно. Чухам ямар аргыг сонгож

авснаас хамаарч судалгааны нарийвчлал, үнэмшлэлийн хувьд

харилцан адилгүй үр дүнд хүргэдэг.

Инженерийн судалгаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг ерөнхий

арга бол тооцоолох аргууд юм. Тооцоолох аргуудын бодолтын

хэлбэр нь томъёо хэлбэрээр, эсвэл шаардлагатай үр дүнд хүргэх

тодорхой дараалал (итераци) бүхий эрэмбэлэгдсэн олонлог

байдлаар өгөгддөг. Бодолтын процессын шинж чанараас хамаарч

тооцоолох аргуудыг дотор нь шууд (нарийвчилсан) ба итерацийн

(ойролцоолсон) гэж ангилдаг. Шууд аргаар тооцоо хийхэд

тодорхой үйлдэлийн дараа бодлогын үр дүн шууд гардаг. Тэгвэл

итерацийн аргад тооцооны үр дүн ойролцоогоор анхны өгөгдсөн

шийдээс эхлэн дэс дараалан ойртон дөхөх зарчмаар тодорхой

нарийвчлалтайгаар гардаг. Энд итераци бүрт нэгэн ижил

томъёогоор бодолтыг гүйцэтгэдэг.

3.Компьютерийн мэдлэг сайтай. Ялангуяа хэрэглээний

программыг сайн ашиглахын зэрэгцээ програмчлалын өндөр

түвшинд суралцсан байх.

4. Гадаад хэлний мэдлэгтэй байх.

5. Судалгааны ажил гүйцэтгэх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх. Энэ бол

хамгийн чухал зүйл. Хэрэв тухайн хүн эрдэм шинжилгээний ажил

хийхэд эргэлзээтэй байвал судалгаа шинжилгээний ажил хийх хэрэггүй.

Судлаач хүн өөрийн чадвараас гадна сонирхолтой байх. Өөрөөр хэлбэл

маш их тэвчээртэй байх. Ийм ч учраас “Эрдэмтэн болоход нэг хувийн

авъяас, 99 хувийн тэвчээр” гэж хэлсэн байдаг. Нэг хувийн авъяас хүн

бүрт байна. Харин өөрийн тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд асар их

тэвчээр шаардах ба нэг үгээр хэлбэл судлаач хүн өөрийн амь амьдрал

хийгээд бусад хувийн ажлаа тодорхой хугацаанд дэнчин тавина гэсэн үг.

Эрдмийн ажлыг өөр бусад ажилтай, ялангуяа бизнесийн ажилтай

хослуулж хэзээ ч болохгүй. Ийм учраас судлаач өөрийн зорьсон

судалгааны ажилдаа туйлын сонирхолтой байж маш их хатуужил

тэвчээр шаардаж байж сая үр дүнд хүрдэг. Энд К.Марксын хэлсэн

“Шинжлэх ухаанд өргөн дардан зам байдаггүй. Гагцхүү түүний

гэрэлт оргил өөд бартаат замаар шантралгүй мацаж чадна тэр хүн

хүрч чадна” гэдэг үгийг ямагт сана. Энэ бүхэн судалгааны ажил

гүйцэтгэх урьдчилсан бэлтгэл болно. Судалгаа шинжилгээний ажил

гүйцэтгэхэд дараах хэд хэдэн үе шатыг авч үзэх хэрэгтэй.

Сэдвийн судлагдсан байдал ба түүний тулгамдсан асуудал.

Шинжлэх ухааны судалгаа нь шинэ зүйлийг танин мэдэх ба эсвэл

мэдэгдэж буй зүйлийг илүү бүрэн тайлбарлан таниулахад оршдог.

Шинжлэх ухааны эрэл хайгуул сэдвийн сонголтоос ихээхэн

хамаардаг. Ерөнхий тохиолдолд судалгааны ажлын тулгамдсан

байдал нь мэдэгдэж буй асуудлын хүрээнд буюу эсвэл томоохон

сэдвийг шийдвэрлэх тухайн асуудлын шийдлээс хамаардаг.

Сэдвийн тулгамдсан байдал нь тухайн ажил шинжлэх ухааны

чиглэлтэй зохицож байгааг тодорхойлох, шинжлэх ухаан,

практик асуудлын зохицол болон чухлыг тусгасан байх ёстой.

Сэдвийг сонгохдоо шинжлэх ухаан талыг харахын зэрэгцээ улс

орны хэрэгцээ шаардлага, практик ач холбогдлыг авч үзэх

хэрэгтэй. Нэгэнт сонгож авсан сэдэв бол тэр хүний насан туршдаа

гүйцэтгэх эрдмийн ажлын цөм болж байдаг. Иймд аль аль талаасаа

ирээдүйтэй, шинжлэх ухааны болон улс орон, салбарын ач

холбогдолтой сэдэв байх нь чухал.

Сэдвийн удирдагчийн сонголт. Эрдэм шинжилгээний ажлын

удирдагч бол судлаач хүний нэрийн хуудас болж байдаг. Эрдмийн ажлын

удирдагч аргачлалын ба шинжлэх ухааны туслалцаа өгч чадах судалгааны

ажлын зөвлөгч байдаг. Удирдагч нь сэдэв сонгох, түүний төлөвлөгөө

гаргах, судалгааны объект сонгох, туршилт хэмжилт явуулах,

судалгааны аргачлалтай танилцаж боловсруулах, судалгаа явуулах,

диссертаци бичих, үр дүнд шинжилгээ хийх гээд бүхий л талын

үнэтэй туслагч (зөвлөгч) байдаг.

Гэхдээ удирдагчийг тэр бүр сонгох боломж бас гардаггүй байж болно.

Практик амьдралд судлаач хүний сонгосон сэдвийн хүрээнд удирдагчийг

сонгох өргөн боломж байхгүй байж болно. Өөрөөр хэлбэл, тухайн

чиглэлээр ажилладаг нэг л гол эрдэмтэн байх тохиолдолд хүссэн ч

хүсээгүй ч тэр хүнийг сонгох болдог. Ихэвчлэн өндөр мэдлэгтэй нэр

төртэй эрдэмтэн хүнийг сонгох хувилбар байдаг. Энэ нь нэг талаасаа сайн

боловч тэр хүнтэй цаг ямагт ажиллах боломж тэр бүр олддоггүй байна.

Иймд судалгааны ажлын удирдагчаар тухайн чиглэлээр олон жил

ажилласан онолын өндөр мэдлэгтэй, практик дадлага туршлагатай

эрдэмтэн хүнийг л сонгох нь чухал юм. Нилээд тохиолдолд удирдагч,

сэдэв хоёрын сонголт хамтдаа шийдэгддэг. Энэ бол хамгийн тохиромжтой

хувилбар юм.

Эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөө боловсруулах. Энэ

хэсгийг удирдагчийн нягт оролцоотойгоор гүйцэтгэдэг. Ажлын

төлөвлөгөөг оновчтой зохиохоос судалгааны ажлын эцсийн үр дүн

ихээхэн хамаардаг. Энд тухайн сэдвийн хүрээнд хийгдэх судалгааны

ажлын ерөнхий чиглэлийн багана, ноён нуруу босох ба ажлын дүр

төрх харагддаг.

Ашиглах ном зохиолын жагсаалтын эхийг гаргах. Судалгааны

ажлын төлөвлөгөөний дагуу сэдвийн хүрээнд хэвлэн нийтлэгдсэн ном

зохиолын жагсаалтын эхийг гаргана. Энд тухайн сэдвийн хүрээнд аль

болох эрт дээр үеэс эхлэн судлагдсан, өнөөгийн түвшинд судлагдсан,

энэ чиглэлээр хэвлэн нийтлэгдсэн бүтээлүүдэд гол анхаарлаа

хандуулах хэрэгтэй. Ном зохиолын эхүүдэд нэг сэдэвт бүтээл, сурах

бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл, янз бүрийн хурлын илтгэлийн

эмхэтгэл, тэдгээрийн хураангуй, эрдэм шинжилгээний ажлын тайлан

хийгээд улсын стандарт, журам, зөвлөмжүүд хамрагддаг. Мөн эрдэм

шинжилгээний байгууллагын эрдэмтдийн бүтээлийн эмхэтгэл чухал

байр эзэлдэг. Гаргасан ном зохиолтой танилцсаны дараа тухайн

асуудлын судлагдсан байдал аяндаа харагддаг.

Судалгааны аргачлал боловсруулах. Юуны өмнө сэдвийн

хүрээнд боловсруулагдсан математик загвар, аргуудыг сайтар

судлах хэрэгтэй, эдгээр загвар, аргуудын давуутай ба дутагдалтай

талуудыг нарийвчлан авч үзэж дүн шинжилгээ хийсний эцэст

шинээр боловсруулах математик загвар, аргачлалыг сонгож авна.

Аливаа аргачлал тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд

зориулагдсан бодит байдлыг онолын болон практик талаас нь

эзэмших арга барилуудын цогц юм. Өнгөрсөн үеийн судалгааны

үр дүн болох аргачлал нь дараа дараагийн судалгааны нөхцөл

болдог.

Шинжлэх ухаан өөрөө үнэн чанартаа байгаль, нийгмийн

практик үйл ажиллагааны арга, судлалын хэрэгсэл байдаг. Энэ

утгаараа шинжлэх ухаан бодит үнэний талаарх мэдлэгийг

онолын хувьд эмхлэн цэгцлэх, боловсруулах хүний үйл

ажиллагааны хүрээ юм. Өргөн утгаараа шинжлэх ухаан бодит

үнэний онолын тусгал байдаг.

Судалгааны аргачлалыг боловсруулахдаа заавал цоо шинэ

зүйлийг хийх шаардлагагүй. Ер нь цоо шинэ юм гэж байдаггүй.

Иймд урьд өмнө боловсруулсан аргачлалыг гүнзгийрүүлэн

илүү нарийвчлал бүхий үнэн зөв үр дүнд хүргэх, эсвэл түүнийг

тодорхой нөхцөлд хялбаршуулан хөдөлмөр, цаг хугацааг

хэмнэсэн хангалттай нарийвчлалтай аргачлалыг гарган

авахад оршино.

Судалгааны аргачлал боловсруулах явцад судлаачийн эрдэм

шинжилгээний ажлын шинжлэх ухааны гол шинэлэг тал цогцлон

бүрдсэн байх ёстой. Шинжлэх ухааны шинэлэг тал нь урьд

өмнө хийгдсэн судалгааны ажлын сэдвээс ялгагдах ялгаа,

шинжлэх ухаанд бий болсон төсөөллийн шинэчлэл ба

гүнзгийрүүлэх оюун ухааны өвөрмөц байдалд оршино. Шинэ

юм гол төлөв өөртөө дэвшилтэт хуучин бүхнийг тээж явдагаараа

хүчтэй байдаг тул түүний цаана ирээдүй байдаг.

Туршилт хэмжилтийг явуулах, анхдагч өгөгдлийг

цуглуулах. Судалгааны ажил нь тооцооны анхдагч өгөгдлийн

боловсруулалт дээр тулгуурладаг. Үүний тулд эхлээд туршилт

хэмжилтийг гүйцэтгэнэ. Судалгааны ажлын мөн чанар, цар хүрээ,

судалгааны объектын шинж чанараас хамаарч туршилт хэмжилт

хийх ажлын хэмжээ тодорхойлогддог. Туршилтыг явуулах хоёр

үндсэн арга байдаг. Идэвхитэй туршилт, идэвхигүй туршилт гэж.

Идэвхигүй туршилт тухайн физик процессын ажлын горимыг

өөрчлөхгүйгээр гаднаас нь цэвэр ажиглалт юмуу анхан шатны

туршилтын замаар нөлөөлөх хүчин зүйл ба гарах үзүүлэлтийг

хэмжилтээр гарган авах арга юм.

Тэгвэл идэвхитэй туршилт гэж технологийн процессыг

өөрчилж, өөрөөр хэлбэл хүчин зүйлүүдийг тодорхой түвшинд

өөрчлөх замаар нарийн бэлтгэгдсэн төлөвлөгөөний дагуу буюу

туршилт төлөвлөлтийн аргаар туршилт явуулдаг. Асуудлын тавил,

боловсруулах математик загварын хэлбэрээс хамаарч идэвхитэй

туршилтын аргыг сонгож авдаг. Энд хэд хэдэн үндсэн арга байдаг.

Энд юуны өмнө хангалттай нарийвчлалтай үнэн зөв математик

загварыг гарган авахын тулд анхдагч өгөгдлийн үнэмшлэл, тоо

хэмжээ хангалттай эсэхэд дүн шинжилгээ, боловсруулалт хийх

хэрэгтэй. Нэг талаас судалгааны үр дүн үнэн зөв, үнэмшлэлтэй

байхын тулд аль болох хангалттай хэмжээний өгөгдөл авах

хэрэгтэй. Нөгөө талаас анхдагч өгөгдлийн дотор судалгааны үр

дүнд илт сөрөг нөлөө үзүүлэх тийм өгөгдлийг хасах хэрэгтэй.

Судалгаа тооцоо хийх. Боловсруулсан математик загвар ба

аргачлал болон анхдагч өгөгдлийг ашиглаж тооцоо судалгаа

явуулдаг. Ихэвчлэн энд цуврал тооцоо хийж загвар, аргачлалын

үнэмшлэлийг тогтоох, судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийх

хэрэгтэй. Нэг удаагийн тооцооны үр дүн үнэмшлэлтэй үр дүн

өгдөггүй. Иймд олон хувилбараар тооцоо хийж гарсан үр

дүнгүүдийг харьцуулсан судалгаа хийсний эцэст нэгдсэн

дүгнэлтийг гаргана.

Эрдэм шинжилгээний тайлан, диссертаци бичих. Шинжлэх

ухааны судалгааны үе шатуудын үр дүнг нэгтгэн дүгнэж үр дүнд

хүргэх зүйл бол диссертаци буюу эрдэм шинжилгээний тайлан

байдаг. Диссертаци нь dissertation гэсэн латин үгнээс гаралтай

шүүн тунгаах, судалгаа гэсэн утгатай үг.

Диссертацийн ажил нь гар бичмэл, шинжлэх ухааны илтгэл, нэг сэдэвт

бүтээл буюу сурах бичгийн хэлбэрт хийгдсэн эрдмийн зэрэг горилоход

дэвшүүлж буй судалгаа шинжилгээний шинжлэх ухаан-практикийн өндөр

түвшинг харуулсан мэргэшсэн ажил болно. Диссертацийг тухайн шинжлэх

ухааны байгууллагын хамгаалуулах зөвлөлийн болон эрдмийн зэрэг горилох

бүтээлд тавигдах шаардлага, журмын дагуу бичдэг.

Инженер болон эрдэмтэн хүний онцлог. Эрдэмтэн хүн гэж хэнийг хэлэх

вэ? гэдэг асуулт тавигддаг. Ерөнхий тохиолдолд эрдмийн зэрэг хамгаалж,

эрдмийн цол авсан хүнийг “эрдэмтэн” гэж нэрлэдэг. Энэ нэрийн дор

шинжлэх ухаанд бүтээлчээр ажилладаг, шинэ мэдлэг ба шинжлэх ухааны

үнэнийг нээж бий болгон бүтээн байгуулалт хийсэн, диссертаци бичиж

хамгаалсан эрдмийн зэрэгтэй хүнийг хэлнэ. Олон улсын практикт ховор

тохиолдлоор нэг сэдэвт бүтээл, сурах бичиг туурвисан хүн эрдэм

шинжилгээний илтгэл хэлбэрээр хамгаалсан тохиолдолд эрдмийн зэрэг

олгодог. Энэ нь ихэвчлэн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаа

шинжилгээний ажил олон жил тууштай гүйцэтгэж үр дүн нь практикт

нэвтэрсэн нэр хүндтэй хүн байна. Эрдэмтэн хүн байхын тулд эрдмийн зэрэг

авахын зэрэгцээ суу билэг, тэвчээр, бүтээлч ажиллагаа шаардлагатай. Суу

билэг-энэ бол 99 хувийн асгаруулсан хөлс, нэг хувийн урам зориг болно

гэж Америкийн нэрт зохион бүтээгч Томас Алба Эдисон хэлсэн байдаг.

Инженерийн мэргэжил бусад бүх төрлийн мэргэжлээс өргөн

хүрээтэй нийтлэг чанар, шинжлэх ухааны олон чиглэлийн

уулзвар, шинийг зохион бүтээх эрэл хайгуул хийх чадвар,

эрдэмтэдийн хийж бүтээсэн онолын зүйлийг практикт хүргэж

нэвтрүүлж байдгаараа онцлогтой юм. Инженер гэдэг нь

ingenieur гэсэн латин үгнээс гаралтай чадвар, зохион бүтээгч гэсэн

утгатай үг.

Эрдэмтэд инженерийн асуудалд ховор оролцдог. Инженерийн

судалгаа суурь судалгаанаас нээлт хийдэггүйгээрээ, шинэ зүй

тогтол, илрэлийг бий болгодоггүйгээрээ болон хууль, зарчмын

хэлбэрт байжуулсан баталгааг томъёолдоггүйгээрээ ялгаатай

ба харин нийгмийн хэрэгцээг хангахын тулд эдгээр баяжуулсан

баталгааг нарийвчлан боловсруулах техникийн объектыг

зохион бүтээдэг.

Эндээс эрдэмтэн хүн, инженер хүн хоёр ямар ялгаатай вэ? гэсэн

асуултанд: Эрдэмтэн хүн байгаль, нийгэмд бодитойгоор оршин

байгаа зүй тогтлыг илрүүлдэг. Тэгвэл инженер хүн урьд өмнө

хэзээ ч байгаагүй зүйлийг шинээр зохион бүтээдэг гэсэн

хариултыг өгч болно. Энд инженер нэг талаас нийгмийн

хэрэгцээнд шинжлэх ухааны мэдээлэл, ололт амжилтуудыг

бүтээлчээр хэрэгжүүлэгч ба нөгөө талаас тэр судалгаа шинжилгээг

цааш нь хөгжүүлж бодит амьдралд нэвтрүүлж өгдөг. Инженерийн

зорилт нь аливаа объектыг тодорхой бодит хязгаарлалын нөхцөлд

нэг төлөв байдлаас өөр төлөв байдалд хувиргах, шилжүүлэх

асуудал юм. Инженерийн зорилт өнөө үед эцэслэн шийдвэрлэгдсэн

шинжлэх ухааны онол байна уу? үгүй юу? гэдгээс үл хамаарч арай

ерөнхий нэг зүй тогтол буюу ядаж туршилт, өгөгдлийн хэлбэрт

өгөгдсөн ямар нэг юм бидэнд байна гэж үзэж зайлшгүй шийдэх

шаардлагатай ба бусад нь инженерийн зохион бүтээх чадвар, зөн

совин, судалгааны ажлын бэлтгэл асуудал болно.

Судлаач хүний анхаарвал зохих зүйл. Судлаач хүний зорилго нь

аливаа зүйлийг бүтээлчээр эзэмшихэд оршдог. Үүний тулд байнга

өөрийгөө боловсруулах, ажлын хувийн зохион байгуулалтаа нарийн чанд

сахих, цаг ашиглалтыг үр ашигтай баримтлах, уншиж мэдсэн зүйлээ

ямагт товч тэмдэглэж байх, баялаг номын сантай байх, аливаад

харьцуулсан дүн шинжилгээ хийж оновчтой шийдэл гаргах гээд олон

зүйлийг анхаарах хэрэгтэй.

Юуны өмнө их унших шаардлагатай. Ном зохиол бол хүний насан

туршид хамт байх оюуны их зөвлөгч багш, ертөнцийг харах цонх байдаг.

Ном уншиж түүний утга агуулгыг өөрийн болгож эзэмшинэ гэдэг ихээхэн

урлаг шаардсан ажил байдаг. Номыг унших гэж уншдаггүй, түүнийг

танин мэдэхэд л гол нь байдаг. Ийм учраас номыг уншихдаа гол цөмийг

нь олж шинэлэг зүйл нь юу вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй.

Мөн судлаач хүн ажлаа төлөвлөж гүйцэтгэхдээ цагийг нарийн чанд

баримтлаж хийх гэсэн зүйлээ заавал гүйцэлдүүлэх нь чухал юм. Нэгэнт

өнгөрсөн цаг хугацаа хэзээ ч эргэж олддоггүй, алтаар хэмжигдэх зүйл

гэдгийг ямагт санаж түүнийг аль болох үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй.

АНХААРАЛ

ТАВЬСАН ТА БҮХЭНД

БАЯРЛАЛАА